Хөшөө Цайдамын цогцолбор дурсгал

            Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөгшин Орхон голын хөндий Хөшөө Цайдам гэдэг газарт оршдог. Энэхүү дурсгал нь 552-745 онд оршин тогтнож байсан Түрэг улсын  Билгэ хаан болон түүний дүү жанжин Культегин нарт зориулан байгуулсан тахилгын байгууламж юм.

            Энэхүү бунхант булшийг 1889 онд Оросын эрдэмтэн Н.М.Ядринцев анх илрүүлэн Түрэгийн язгууртны  бичигт хөшөөний талаарх мэдээллийг дэлхий  дахинд мэдээлсэн байна. Үүний дараа 1890 онд Финляндын эрдэмтэн Г.Гейкелээр удирдуулсан шинжилгээний анги ирж бичигт хөшөөнүүдийг голлон судалжээ.          1891 онд Оросын ШУ-ны академич В.В.Радловын удирдуулсан “Орхон шинжилгээний анги”- ийг томилон ажиллуулсан байна. В.В.Радлов Түрэгийн хаадын булшны дотоод зохион байгуулалтыг судлах зорилгоор Культегин, Билгэ хаан нарын дурсгалыг малтаж байгаад тодорхой бус шалтгаанаар орхисон бөгөөд 1902 онд Польшийн судлаач В.Л.Котвич мөн судлажээ. Хожим 1958 онд Н.Сэр-Оджавын удирдсан Монгол-Чехословакийн шинжилгээний анги  дурсгалын төв хэсгийг илрүүлсэн байна. Монголын эрдэмтэн  Н.Сэр-Оджав, Ц.Доржсүрэн, М.Шинэхүү, Д.Баяр нар Түрэгийн үеийн тахилын онгон, бичигт хөшөө, хүн чулуу зэргийг судлан шинжлэхэд  томоохон  хувь нэмэр  оруулсан байна.  

            1958 онд Монгол-Чехословакийн хамтарсан экспедици Л.Ийсл, Н.Сэр-Оджав нарын удирдлагаар Күльтегиний тахилын онгоныг өргөн хэмжээгээр малтан судлах ажлыг гүйцэтгэсэн байна. Энэхүү малтлага нь Түрэгийн хаад язгууртны тахилын байгууламжийн бүтэц, зохион байгуулалтын онцлогийг сэргээн тодруулахад чухал ач холбогдолтой судалгаа болжээ.

            2001 онд Билгэ хаанд зориулсан байгууламжид Монгол-Туркийн хамтарсан судалгааны баг малтлага судалгаа хийсэн байна. Энэхүү малтлага судалгааны ажилд Монголын талаас Д.Баяр, Ч.Амартүвшин, А.Энхтөр, Ж,Гэрэлбадрах, Туркийн талаас Х.Бахар, С.Чечен, И.Дурмуш, Р.Кузуолоу, Г.Гөкчек, Г.Караугуз, М.Бозкуртлар нар ажилласан байна. Судалгааны үр дүнд Билгэ хааны тахилын онгоны бүтэц, зохион байгуулалтын талаар мэдэгдсэн бөгөөд үнэт нандин эд өлгийн зүйлс их хэмжээгээр илэрч олдсон байна.

 Монгол оронд археологийн судалгаа хийсэн анхны газрын нэг болох Орхоны хөндийн Хөшөө Цайдамд буй Дорнод Түрэг улсын хаад язгууртанд зориулан босгосон тахилын байгууламж нь дэлхийн Түрэг судлал, Төв Азийн археологийн судалгаанд онцгой байр суурь эзэлдэг, шинжлэх ухааны асар их үнэ цэнтэй дурсгал юм.  

            Монгол улсын Засгийн газрын 2010 оны 2 сарын 3-ны өдрийн 32 тоот тогтоолоор Монгол улсын нутаг дэвсгэр дээр оршиж байсан Түрэгийн хаант улсын түүх, соёлтой холбогдол бүхий хосгүй үнэт эд өлгийн зүйлс, олдворыг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий “Хөшөө цайдам” музей байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.

hushuu tsaidam muzei 1.jpg

Билгэ  хааны тахилын байгууламж:

            Түрэгийн хаан Элтересийн хүү Могильян 683 онд мэндэлжээ. Тэрээр 716 онд  “Билгэ” цолтойгоор  Түрэгийн  хаанд  өргөмжлөгдсөн  бөгөөд улсыг  удирдаж байх  хугацаандаа улсын  эдийн засаг, соёлын хөгжилд үлэмж  хувь нэмэр оруулжээ. Билгэ хаан 734 онд нас барахад түүний дурсгалд зориулан тахилгын байгууламжийг байгуулжээ. 

hushuu tsaidam muzei 2.jpg

Культегин жанжны тахилын байгууламж:
            Культегин  нь 684 онд Элтерес  хааны отгон  хүү болон  мэндэлжээ. Тэрээр 16  наснаасаа төрийн хэрэгт идэвхтэй  оролцож эхэлсэн  бөгөөд өөрийн  ах Могильяныг  хаан  ширээнд  суухад чухал  үүрэг гүйцэтгэсэн цэргийн нэрт жанжин байжээ. Культегин 731 онд  нас  барахад түүний дурсгалд зориулан 732 онд  тахилгын сүм байгуулжээ.

                                            /hushuu tsaidam muzei 3.jpg