Төвхөн хийд
Төвхөн хийд нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг далайн төвшнөөс дээш 2300 м өндөрт өргөгдсөн Төвхөн ширээт уулын оройд оршдог. Төвхөн хийдийг анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар 19 насандаа буюу 1654 онд үүсгэн байгуулжээ. Хийд нь нямба, бясалгалд зориулан алслагдсан зайтай, битүү ой модоор хүрээлэгдсэн уулын оройд байгалийн сайхан газарт бүтээгдсэнээрээ онцлог юм. Хийдийн баруун талд шүтээний хэсэг, зүүн талд нь жас байрлана. Шүтээний хэсэгт Бүтээлийн сүм, Хурлын дуган, Сэмчин дуган, хоёр суварга бүхий мөргөлийн цогцолбор, тахилгат худаг, бясалгалын хоёр агуй, тахил тайлгын овоо багтана. Хийдэд Өндөр Гэгээний мутар, өлмийн мөр, Гэгээнтний морины уяа гэгдэх байгалиас холбоотой хоёр мод, махгал мод, эхийн умай хад, өлгий хад гэх мэт Өндөр гэгээний намтар түүхтэй холбоотой дурсгалууд олон байдаг.