Эрдэнэ Зуу хийд
Эрдэнэ Зуу хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд орших бөгөөд Монголын бурханы шашны анхны томоохон хийд юм. Хийдийг анх Автай сайн хаан 1586 онд үүсгэн байгуулжээ. Энэхүү хийд нь 108 соёмбот суварга бүхий 400х400 метрийн хэмжээтэй дөрвөн талдаа асар хаалгатай.
Эдүгээ Гурван зуугийн дуган, Хөх сүм, Алтан суварга, Далай ламын сүм зэрэг 18 сүм, Автай сайн хаан, түүний хүү Түшээт хан Гомбодорж нарын бунхан, Монголын эзэнт гүрний үед холбогдох бичигт хөшөө, чулуун дурсгалууд байдаг. Эрдэнэ Зуу музей-хийд Автай сайн хааны Жагарын орноос залж ирсэн Монголын бурханы шашны гол шүтээн Гомбогүр бурхан, цагаан зандангаар урлан бүтээсэн Занданзуу, Эрдэнэ Зуугийн равнайд лусын хаанаас өргөсөн хэмээх домогтой 1,5 литрийн багтаамжтай том шүрэн аяга, алтан уусмалыг хялгасаар зурж маш нарийн урлан бүтээсэн Махгал бурхны хөрөг зэрэг Монголд цорын ганц гэж хэлж болох урлаг соёлын хосгүй нандин өвүүд хадгалагдаж байна.
ГОЛ ГУРВАН ЗУУ
Гол зуу сүм ба түүний хоёр талд байрлах Баруун зуу, Зүүн зуу хэмээх гурван сүмийн цогцолборыг нийтэд нь Гурван зуу хэмээн нэрлэдэг. Эдгээр сүмүүд нь Эрдэнэ Зуу хийдийн гол шүтээнүүдийг залсан хамгийн эртний байгууламжууд юм. Энэхүү гурван зуу сүмүүдийн барилгууд нь өвөрмөц хийцтэй бөгөөд сүмүүдийг барихдаа нэг ч хадаас оруулалгүй модоор зангидан, углуургадаж хийсэн нь уран барилгын онцгой хэлбэрт ордог. Одоогоор энэхүү дугануудад музейн үзмэрүүдийг дэглэн музейн зориулалтаар үйл ажиллагаа ашиглаж байна.