Хар бондгорын эртний хотын туурь
Хар бондгорын эртний хотын туурь нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс хойд зүгт 10 гаруй км зайд оршдог. Туурийн хэрмийн далан нь газрын хөрснөөс дээш нэлээд ялгарч харагдах бөгөөд өндөр хэсгээрээ 1-2 метр орчим, 900х900 метр хэмжээтэй шавар хэрмэн далангийн үлдэгдэл юм. Далангийн дотор барилгын үлдэгдэл, шороон далан нэлээд ажиглагдах бөгөөд гадуураа шуудуугаар хүрээлэгдсэн. Эртний хотын туурьд одоогоор археологийн малтлага судалгаа хийгдээгүй байна.