Мэлхий толгойн ордны туурь
Энэхүү дурсгал нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс урагш 1 км орчим зайд Мэлхийт толгойн оройд оршино. Хотын туурь нь 106х78 метр хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэрийн шавар хэрмэн далангаар хүрээлэгдсэн бөгөөд түүний дотор талд тус тусдаа далантай зэрэгцээ байрлах 2 барилгын ортой. Зүүн талын далангийн голд боржин чулуун яст мэлхийг байрлуулсан байна.
1995-1998 онд ЮНЕСКО-ийн ивээл дор Хархорум хотын туурийг хадгалан хамгаалах, сэргээн судлах шинжилгээний анги нь Монголын эртний нийслэл Хархорум хотын ойр орчин дахь түүх, соёлын холбоо бүхий өөр бусад хот хэрмийн үлдэгдлийг хамруулан судалсны тоонд Мэлхийт толгойн дурсгалыг багтаан судалсан. Энэхүү судалгааны анги мэлхий чулуун дээрх бичээсийг Юан улсын сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн мэдээлэлтэй харьцуулан үзэж, эдгээр нь XIII зууны үеийн Чихи Хутагтын байгуулсан Тогосын ордны үлдэц мөн гэсэн дүгнэлт хийжээ хэмээн тэмдэглэсэн байдаг. (Н.Уртнасан. 2005. т.,71)