Дойт толгойн эртний хотын туурь

Архангай аймгийн Хотонт сумын төвөөс зүүн хойд зүгт 20 орчим км зайд Шорвог, Хунт, Дойт, Цагаан, Цэцэг нууруудын дунд холын бараа сайн харагдах Дойт толгойн оройд энэхүү дурсгал оршино.

            Хотын туурь нь баруун, зүүн болон хойд талаараа өөр хоорондоо ойрхон байрлах 20х17 метр дундаж хэмжээтэй 17ширхэг барилгаар хүрээлэгдсэн бөгөөд түүний дунд 1 том, 2 жижиг барилгын ор үлджээ. Эдгээр үлдцийг Өгөдэй хааны “Гэгэ-Чаган орд” мөн болов уу гэж Японы эрдэмтэн Шимпей Като үзжээ. (Н.Уртнасан, Түмэн дурсгалт орхоны хөндий 2006.,т.65)

            Дойт толгойн эртний хотын туурийн нэг онцлог нь хэрмийн оронд барилгуудаар хүрээлэгдсэн байсны ор мөр байгаа бөгөөд эдгээр барилгууд нь өөр хоорондоо холгүй байрласан учир холоос харахад хэрэм мэт харагддаг.  Дурсгалын дээгүүр үлдсэн тоосго, дээврийн ваарны үлдэгдэл нь Хархорум хотын туурьтай адил төстэй учир  археологич Х.Пэрлээ  Дойт толгойн эртний хотын туурийг XIII-XIV зууны үед холбогдоно гэж үзсэн байдаг.

Эртний хотын туурийг Монгол улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад авсан. 

doit.png