Хархорум хотын туурь
Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт оршдог. Хархорум хотыг Чингис хаан 1220 онд Монголын эзэнт гүрний нийслэл болгон байгуулж 1235 онд түүнийг залгамжлагч Өгөдэй хааны үед бүрэн баригдаж дуусжээ. Хархорум нь тухайн үеийн Монгол орны улс төр, эдийн засаг, соёл, засаг захиргаа, олон улсын харилцааны чухал төв болж байжээ. Хот нь 2 давхар шавар хэрмээр хамгаалагдсан дөрвөн талдаа хаалгатай. Хот руу ордог 4 хаалган дээр худалдаа наймаа эрхэлж байсан бөгөөд хойд талын хаалганы дэргэд адуу, зүүн хаалган дэргэд үр тариа, урд хаалган дэргэд үхэр, тэрэг, баруун хаалган дэргэд хонь, ямаа худалдаалдаг байжээ. Хубилай хаан 1271 онд Юан улсыг байгуулж, Монголын шинэ нийслэлийг Бээжинд шилжүүлснээр хотын нэр хүнд, ач холбогдол нь буурсан төдийгүй 1379-1380 оны Мин улсын цэргүүд удаа дараалан уулгалан довтолж Хархорум хот 100 гаруй жилийн дараа аажмаар сүйрч нуржээ. Хархорум хотын туурийг 1971 онд улсын тусгай хамгаалалтад авч 1995-1997 онуудад ЮНЕСКО, Монгол, Японы засгийн газар хамтран Хархорум хотын туурийг хадгалж хамгаалах төслийг хэрэгжүүлж Хархорум хотын байршлын зургийг гаргаж хамгаалалтын бүсийг тогтоосон байна.
Оросын эрдэмтэн Н.М.Ядринцевийн удирдсан шинжилгээний анги 1889 онд Хархорум хотын туурийг илрүүлэн судалснаар Монгол оронд археологийн судалгаа эхэлсэн гэж үздэг.
1891 онд Оросын Эзэн хааны ШУА-ын томилолтоор академич В.В.Радловоор удирдуулсан “Орхон шинжилгээний анги” Монголын төв нутгаарх түүх дурсгалт газрыг үзэж зураглан тэмдэглэж авсны дотор Хархорумын үлдэц нурааг нарийвчлан шинжиж, газрын зургийн мэргэжилтэн ахмад Л.И.Шеголов Хархорумын туурь болон Эрдэнэ Зуу хийдийн дэвсгэр зургийг үйлдсэн байна. Монгол гүрний нийслэлийг судлан шинжлэх ажлын эхлэлийг тавьсан эрдэмтдийн нэг бол Австрийн байгаль судлаач, угсаатны зүйч Ханс Ледер юм.
Д.Д.Букенич 1933-1934 онд Хархорумд шинжилгээ судалгааны ажил хийжээ. Энэхүү судалгаагаар Хархорум хотын дэвсгэр зургийг үйлдэж, малтлага явуулан хөрсний соёлт давхарга хийгээд байшин барилга, хэрэм далангийн зохион байгуулалт зэргийг судалж, түүх сударт хадгалагдан үлдсэн мэдээ мэдээллийг эд өлгийн биет олдвортой харьцуулан судлах оролдлого хийсэн анхны судалгаа болж байжээ.
1948-1949 онд ЗХУ-ын ШУА-ын сурвалжлагч гишүүн, профессор С.В. Киселев, Монголын археологич Х. Пэрлээ нарын удирдлагаар ажилласан Монгол-Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний анги Хархорумын дэвсгэрт өргөн хэмжээний малтлага судалгаа хийжээ. Энэхүү судалгааны ажлын үр дүнд Монголын эртний нийслэлд хот маягийн амьдрал эрчимтэй өрнөж байсныг харуулах хөрсний соёлт давхарга нэн зузаан байсан нь тогтоогдсон бөгөөд төмөрлөгийн болон шавар ваар савны үйлдвэрлэл ихэд цэцэглэн хөгжиж байсныг гэрчлэх олдвор баримт их хэмжээгээр олджээ. Энэ бүхэн нь Монголын түүхийн судалгааг шинэ биет баримт хэрэглэгдэхүүнээр баяжуулахад үнэтэй хувь нэмэр болсон бөгөөд тухайн үед шинээр зохиохоор төлөвлөж байсан. Монголын түүхийн нэгэн боть зохиолыг бичих гол бэлтгэл ажлын нэг болжээ.
1979-1986 Монгол улсын ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгээс томилон илгээсэн Н.Сэр-Оджав ахлагчтай Хархорум хотын судлах анги тус хотын дэвсгэр зургийг бие даан үйлдэж хотын янз бүрийн хэсэгт буй булш оршуулгын дурсгалыг шинжлэн судалсны дотор хотын их хэрэмийн гадна, баруун хойд талд нь орших лал мөргөлтний томоохон оршуулгын газрыг малтан судалсан нь тухайн үеийн Монголын нийслэлийн оршин суугчдын угсаатны бүрэлдэхүүн, тэдний зан заншил, шашин мөргөл хийгээд ахуйн соёлын онцлогийг тодотгон судлахад чухал ач холбогдолтой ажил болсон төдийгүй XIII зууны үед Монгол оронд байсан гадаад орны элч төлөөлөгчдийн тэмдэглэн бичиж үлдээсэн мэдээ мэдээллийг нягтлан эртний судлалын биет олдвороор баталгаажуулсан билээ.
1995-1997 онд ЮНЕСКО-оос нийт хүн төрөлхтний түүх соёлын үнэт өвийн нэг болох Хархорум хотын туурийг авран хамгаалах төслийг Монгол, Японы эрдэмтдийн хүчээр хэрэгжүүлсний дүнд уг хотын бүрэн хэмжээний топографийн зураг үйлдэж хамгаалалтын бүс тогтоон хотын хэрэмт хэсгийг тойруулан хайс барьж хамгаалсан нь аж ахуйг үйл ажиллагаа хийгээд хүмүүсийн зохисгүй үйлдлүүдээс эртний нийслэлийн ор туурийг хамгаалж хадгалан үлдээх боломжийг бүрдүүлсэн юм.
1990- оноос үйл ажиллагаа эхэлж Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди, ХБНГУ-ын ерөнхийлөгч Ё.Рау нарын эвээл дор хэрэгжиж буй Монгол-Германы хамтарсан “Хархорум” төсөл нь Монголын эртний нийслэлийн судалгаанд шинэ үеийг нээсэн байна. Тус шинжилгээний анги нь өөрийн судалгаанд орчин үеийн байгалийн шинжлэлийн дэвшилтэд аргуудыг өргөнөөр хэрэглэж хотын дэвсгэр талбайд топографийн хэмжилт зураглал болон геосоронзон судалгаа, олдворын нас тогтоох ажлуудыг археологийн малтлага судалгаатай хослуулан гүйцэтгэсэн байна. Өгөөдэй хааны ордон хэмээн үзэж байсан туурь орчимд хийсэн малтлагаар тухайн үед Монгол нутагт барилгын дээврийн ваар, тоосго, чимэглэл шатаан үйлдвэрлэж байсан дүгрэг хэлбэрт тоосгон зуух дөрвийг илрүүлж олсон нь Монголд төдийгүй Төв Азийн хот суурины судалгаанд нэн үнэтэй ховор олдвор болсон. Гар урчуудын хороололд гүйцэтгэсэн малтлагаар олон зуун жилийн турш үйлдвэрлэлийн ажиллагаа явагдаж байсны ул мөрийг хадгалсан хөрсний олон үе давхарга, орон сууц дулаацуулах ханзан халаалтын үлдэгдлүүд, чулуу дэвсмэл гудамж, төмөр ба үнэт эдлэлийн дархны газар, тэдгээрт хийж байсан зарим бүтээгдэхүүн, олон тооны зоос, 1372 оны үед хамааран сангийн сайдын тамга гэх мэт олон чухал олдворыг илрүүлжээ.
1999 оноос Монгол-Германы хамтарсан “Хархорум” шинжилгээний ангийнхан хотын туурьд малтлага, судалгааны ажил хийж эхлээд өнөөг хүрсэн байна.