Гүмбийн дэнжийн буган хөшөө, булш, хиргисүүрийн цогцолбор дурсгал
Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Барчин уулын өвөр Гүмбийн дэнж хэмээх газарт оршдог. Энэхүү газарт хүрэл зэвсгийн үед хамаарах булш, хиргисүүр нийт 30 гаруй байх бөгөөд нэг буган чулуун хөшөө бий. Буган чулуун хөшөөний нүүрэн талд нар, сар, хэд хэдэн бугын дүрсийг загварчлан, хөшөөний доод хэсгийг ороон өргөн бүс гаргаж байлдааны зээтүү, хуйтай хутга зүүсэн байдлаар дүрсэлжээ.
Дурсгалт газарт 1977 онд Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн “Нүүдэлчдийн дурсгал судлах” ангийнхан судалгаа хийсэн байдаг /Монголын археологи, II боть, 2016., т 207/.
Дурсгалт газрыг Монгол улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад авсан.