Мойлтын амын хуучин чулуун зэвсгийн үеийн бууц суурин, дархны газар
Дурсгалт газар нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Хангай хайрхан уулын өвөр Мойлтын амны рашааны зүүн дэнжид оршдог. Дурсгал нь палеолитын дээд үеэс мезолит, неолитын эхэн үед хамаардаг. Дурсгалт газрыг анх 1949 онд археологич А.П Окладинковын удирдсан Монгол–Зөвлөлтийн чулуун зэвсгийн дурсгал судлах анги илрүүлэн судалгааны эргэлтэнд оруулжээ. А.П.Окладников, Д. Дорж нарын удирдсан “Монголын чулуун зэвсгийн дурсгал судлах анги” 1960, 1961, 1963-1964 онд дурсгалт газарт малтлага судалгаа хийж суурингын соёлт давхрагын зузаан нь 1,5-2 метр бөгөөд малтлагын явцад дээд палеолитын түрүү үеэс мезолит, неолитын эхэн үеийг хамарсан дөрвөн соёлт давхрага байгааг тогтоосон нь Төв, Умард, Дорнод Азийн хэмжээнд нэн ховор дурсгал болохыг тодорхойлсон байна. Мөн 1996-1997 онд Монгол-Францын хамтарсан судалгааны анги дурсгалт газарт ажиллаж хөрсний давхаргыг судлан гурван хурдсаас бүрэлдэх 5 давхарга байгааг тодорхойлон археологийн олдвор хадгалсан 4 давхаргад хийсэн он цаг тогтоох шинжилгээгээр 240+-300 жилиийн өмнө болохыг тогтоожээ. 2018, 2019 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан "Умард монголын чулуун зэвсгийн үе" төслийн хүрээнд дурсгалын он цаг тогтоох, хөрсний дээж авах судалгааг хийсэн. Судалгаагаар 2х1 метр хэмжээтэй малтлагыг 1,7 м гүнтэй хийхэд хөрс нь 6 үе давхрагатай болох нь тогтоогдсон. Тус газраас хоёр төрлийн 12 дээжийг авсан.
