Газарзүйн байршил

Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (ДӨ-ОХСДГ) нь далайн төвшнөөс дээш дундажаар 1350-2300 метрийн өндөрт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдын нутгийг дамнан урсдаг Орхон голын дээд биеийг даган тэдгээрийн нутаг дэвсгэрийн 10 хувийг эзлэн Улаанбаатар хотоос 360 км, Монгол улсын нутаг дэвсгэрийн төв цэгээс 100 км, нийслэлийн анхны шав тавьсан газар Ширээт цагаан нуураас зуу хүрэхгүй км-ийн зайд оршдог. Орхоны хөндий нь өнө эртнээс бэлчээрийн мал аж ахуй эрхлэн амьдардаг нүүдэлчдийн соёлыг тод томруун илтгэн харуулах хөдөлшгүй баримт, гэрч нотолгоо болсон булш хиргисүүр, ховор нандин хөшөө дурсгал, хаднаах дурсгал, бичээс археологийн зүйл бүрийн үнэ цэнт олдворууд зэрэг нэн баялаг соёлын өвтэй. Энд эртний Уйгур улс, Их Монгол улсын нийслэл Хар балгас, Хархорум хотуудын тууриуд, бурхны шашны анхны төв Эрдэнэ Зуу, анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын нямба бясалгалын орон Төвхөн, Шанхын Баруун хүрээ хийдүүд, Түрэгийн хаан Билгэ, түүний дүү Культегин жанжинд зориулж босгосон гэрэлт хөшөө зэрэг томоохон дурсгалууд бий.


Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн гэрчилгээ

certificate.png

НҮБ-ЫН Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) ОРХОНЫ ХӨНДИЙН СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗАР нь 1972 оны “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай” Конвенцид заасан II, III, IV шалгууруудыг хангасан тул нийт хүн төрөлхтөний тусын төлөө хадгалан хамгаалж өвлүүлэн үлдээх, шаардлагатай, онцгой болон түгээмэл үнэ цэнтэй соёлын өв мөн болохыг нотлон түүнийг 2004 онд Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэв.

 

 


ЮНЕСКО Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн тухай албан ёсны шийдвэр

Нутаг дэвсгэрийн нэр: Орхоны хөндийн соёлын дурсгалт газар

Бүртгэсэн огноо: 2004 оны 7сарын 7-ны өдөр

Улс / оролцогч тал/: Монгол улс

Шалгуурууд: C (II), (III), (IY) CL /Cultural landscape/ Соёлын дурсгалт газар/

Шалгуур(II): Тус Орхоны хөндий өвөрмөц, тогтвортой нүүдлийн соёл нь хэрхэн өргөн сүлжээ бүхий худалдааны хөгжилд болон засаг захиргаа, арилжаа, цэрэг, шашны томоохон төвүүдийг бүтээн байгууллахад хүргэснийг тод томруун харуулдаг. Тэдгээр хотожсон төвүүд бүхий эзэнт гүрнүүд нь гарцаагүй нөлөө бүхий зон олонд Азийг дайран Европ руу зорчиход болон хүн төрөлхтний үнэт зүйлсийг бодитойгоор харилцан солилцоход Дорнод, Өрнөдийн аль алины нөлөөллийг тусган авахад дэмжлэг болж байв.

Шалгуур(III): Орхоны хөндийд өнгөрсөн хоёр мянган жилийн туршид оршсоор ирсэн нүүдлийн мал аж ахуй эрхлэх өвөрмөц соёл нь хөгжилд дэмжлэг болж байна. Мөн чанартаа Монгол түмний төв хэсэгт энэ соёлыг өнөөг хүртэл шүтэн биширч хэвээр нь хадгалсаар ирсэн ба түүнийг дурсгалт газартайгаа зохицолдон амьдрах гайхамшигтай арга зам гэж ихэд дээдлэн эрхэмлэдэг.

Шалгуур(IY): Орхоны хөндий нь хүн төрөлхтний түүхийн ач холбогдол бүхий хэд хэдэн үе шатуудыг илтгэн харуулдаг хосгүй гайхамшигт үлгэр жишээ болдог. Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нь эн тэргүүнд, тухайн үеийн монголын эзэнт гүрний төв байсныг, хоёрт, Түрэгийн засгийн эрх мэдлийн Монгол өвөрмөц хувилбар болохыг харуулдаг, гуравт, ном бясалгалын орон хийд -Төвхөн нь буддизмын Монгол хэлбэр өрнөн хөгжих орчин болдог. Дөрөвт, Хар балгас нь Уйгарын эзэнт гүрний нийслэл дэх Уйгарын хотжилтын соёлыг харуулдаг.

Товч тодорхойлолт

121967га нутаг дэвсгэр бүхий Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нь Орхон голын хоёр талын эрэг дэх өргөн уудам бэлчээрийн талбайг хамардаг ба YI зуунаас хойших үеийн археологийн олон тооны үлдэгдэл-дурсгалуудыг агуулж байдаг. Түүнчлэн уг газарт XIII-XIY зууны үеийн Чингис хааны өргөн уудам нутагтай Эзэнт гүрний нийслэл Хархорум оршдог. Энэ нутаг дахь тэдгээр археологийн үлдэгдлүүд нь цогцоороо нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг хүн зон болон тэдгээрийн засаг захиргаа, шашны төвүүдийн хоорондын харилцан ашиг тустай амьд хэлхээ холбоог, түүнчлэн Төв Азийн түүхэн дэх Орхоны хөндийн ач холбогдлыг илэрхийлдэг. Монголын нүүдэлчин малчид энэ нутаг бэлчээртээ өнөөг хүртэл мал сүргээ адгуулсаар байна.

Товчоор хэлбэл ЮНЕСКО Дэлхийн өвийн хороо эдгээр шалгууруудыг үндэслэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг дэлхийн өвийн жагсаалтад бүртгэснээр дэлхий дахинаа түүний хосгүй гайхамшигт түгээмэл үнэ цэнийг хүлээн зөвшөөрснийг нотлов.

                                                                                                 (ДӨХ-ны 28-р чуулганы тайлангаас хэсэгчлэн авав)


Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсний давуу тал, ач холбогдол

ЮНЕСКО-гийн Дэлхийн  өвийн  жагсаалтад түүх, соёлын дурсгалыг бүртгэх  нь түүний  үнэ  цэнийн  хамгийн  дээд  шатны илэрхийлэл  болдог.

  • ОХСДГ нь хүн төрөлхтний соёлын өвийн салшгүй хэсэг, дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн өлгий нутаг болохыг олон улсын эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрч баталгаажуулсанаар хамгаалалтын онцгой статустай, дэлхийд данстай болж, олон улсын эрх зүйгээр хамгаалагдана.

  • ОХСДГ нь НҮБ-ын ЮНЕСКО-гийн хамгаалалтанд байж түүнээс судалгаа шинжилгээ хийх, өвийг сэргээн засварлахдаа санхүү, мэргэжилтний туслалцаа, зөвлөгөө авах эрхтэй болно.

  • ОХСДГ нь ЮНЕСКО-гийн веб сайт, ном товхимол, зурагт хуудас болон олон нийтийн мэдээллийн бусад хэрэгслээр дэлхийд өргөн сурталчлагдаж, таниулагдах Монгол улсын нэрийн хуудас болно.

  • Орхоны хөндийн хосгүй гайхамшигт соёлын дурсгалыг Дэлхийд таниулснаар Монгол улсад ирэх гадаадын жуулчдын тоо нэмэгдэж улс орон нутгийн тогтвортой хөгжлийг хангахад тус нэмэр болно.

  • ЮНЕСКО-гоос ОХСДГ-ын хадгалалт, хамгаалалтын байдалд мониторинг (хяналт, шинжилгээ, үнэлгээ) хийхэд дэмжлэг үзүүлнэ.

  • Монголчууд дэлхийд бүртгэлтэй соёлын өвөөрөө бахархан түүнийг хадгалж хамгаалах тэдний эх оронч чин эрмэлзлэл, тэмүүлэл улам хүчтэй болно.

  • ДӨ-ОХСДГ нь Дэлхийн өвийн бэлэгдэлийг хэрэглэх эрхтэй.


ДӨ-ОХСДГазарт зориулсан гэрэлт хөшөө

ДӨ-ОХСДГ-т зориулан босгосон гэрэлт хөшөө “Дэлхийн өв – Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газар” –т зориулсан гэрэлт хөшөөг 2005 онд Хархорин хот дахь Эрдэнэ Зуу музейн дэргэд босгосон юм.

1.png

221.jpg

Гэрэлт хөшөөний нүүрэн талын дээд талд Монголын төрийн соёмбо,  НҮБ-ын  боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага – ЮНЕСКО –гийн болон Дэлхийн өвийн бэлэгдлүүдийг дүрслэн  ДӨ-ОХСДГ-ын түүхэн ач холбогдлыг дараах байдлаар сийрүүлэн бичжээ.

Орхон голын ай савд орших энэхүү дурсгалт газар бол өнө эртнээс хүмүүн заяатан ариун дагшин байгаль, амьтан хүнээ дээдлэн, мал сүргээ адгуулан аж төрөхдөө үеэс үед уламжлан хөгжүүлж ирсэн нүүдлийн өвөрмөц соёл иргэншлийн үнэнхүү голомт нутаг бөлгөө. Эртний түүхт Орхоны Хөндий нь Төв Азид малчин удамт нүүдэлчдийн томоохон улс гүрнүүд төр засаг, худалдаа арилжаа, соёл, шашин шүтлэгийн гол төвүүдээ үүсгэн хөгжүүлж ирсний болон Өрнө Дорнын хийгээд соёл иргэншлүүдийн хоорондын харилцаа, холбооны гол уулзвар газар болж байсны түүхэн гэрч нотолгоо төдийгүй Суут Богд Чингисийн байгуулсан Монголын Эзэнт  Гүрний нийслэл алдарт Хархорумын ариун нандин дурсгалыг хадгалж байдгаараа Дэлхий дахинаа түгээмэл үнэ цэнэ бүхий хосгүй гайхамшигт дурсгалт нутаг  мөн болой. 

Гэрэлт хөшөөний ар талд Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсийн хил, түүний дотор талд Түрэгийн дурсгалын цогцолбор, Хар балгас, Хархорум хотуудын туурь,  Эрдэнэ Зуу, Төвхөн хийдүүд  зэрэг түүх соёлын хосгүй гайхамшигт томоохон дурсгалуудын газарзүйн байршлыг харуулсан байдаг.

The richly historic Orkhon River basin is the cradle  of Central Asia’s unique nomadic cultures, which have developed in harmony with the natural landscape and Social environment since prehistoric times. Home for centuries to the major political, trade, cultural and religious centers of successive nomadic empires, the Orkhon Valley served as a crossroads of civilizations, linking East and West. It is also the historic site of Karakorum-grand capital of the vast Mongol Empire established by Chinggis Khaan. As a unique testimony to Central Asian and World history, the Orkhon Valley Cultural Landscape is an outstanding property belonging to the cultural heritage of humanity.