Соёлын сайд С.Чулуун орхоны хөндийн дурсгалт газрууд болон музейдэд ажиллалаа

          Соёлын сайд С.Чулуун  Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа болон тус сав нутгийн түүх, соёлын дурсгалт газрууд мөн музей, соёлын төвүүдэд ажиллаж, тулгамдсан асуудлыг нь сонсож, боломжтой ажлуудыг нь газар дээр нь шийдвэрлэлээ.
Сайдын хувьд орон нутгийн соёлын байгууллагуудтай танилцана гэхээс илүү соёлын аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэхийн тулд түүх, соёлын дурсгалт газруудыг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлд анхаарал хандуулж, орон нутгийн соёлын байгууллагуудыг Засгийн газрын бодлогын хүрээнд салбарын яамнаас дэмжиж ажиллахаа онцолсон юм. Түүнчлэн С.Чулуун сайд орон нутгийн томилолтоо Өвөрхангай аймгаас эхэлж буй бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн түүх, шашин, соёлын томоохон төв, иргэдийн эргэл мөргөлийн голомт болсон “Эрдэнэ Зуу” музейд эхлээд саатлаа. Сүүлийн жилүүдэд музей үзэх гадаад, дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдэж байгаа. Энэ жилийн тухайд цар тахлын улмаас гадаадын жуулчид байхгүй ч урин дулаан, амралт зугаалгын улиралд зорин ирэх дотоодын аялагчдын тоо эрс нэмэгдсэн хэмээн музейн хамт олон урам зоригтой байлаа.
       Энэ үеэр Соёлын сайд С.Чулуун “Засгийн газраас соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд аялал жуулчлалын гол төвүүдийг цогцоор нь хөгжүүлэх бодлого барьж байна. Орхоны хөндийн аялал жуулчлалын сав нутгийн түүх, шашин соёлын дурсгалт газрыг хөгжүүлэх нь тэр зорилтуудын нэг юм. Тийм ч учраас Соёлын яамыг шинээр байгуулж, яаманд соёлын өв хариуцсан долоон мэргэжилтний орон тоотой бие даасан газар байгуулсан. Өмнө нь яаманд соёлын өв хариуцсан нэг мэргэжилтэн ажиллаж байсан бол одоо долоон мэргэжилтэн ажиллана. Монгол Улсын соёлын бодлогыг хэрэгжүүлж, соёлын өвийг хадгалж хамгаалах, сэргээх засварлах, сурталчлан таниулах зэргээр олон талаас нь дэмжиж ажиллана” гээд, музейн барилгыг өргөтгөх санал хүсэлт, зураг төслөө салбарын яаманд өгөхийг сануулаад, санхүүжилтийг ирэх оны Улсын төсөвт үе шаттайгаар суулгаж, өгөх боломжтой” гэлээ.said.png