“Богцон дахь соёлын өв” төсөл

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс(МҮК), Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар(ДӨ-ОХСДГ)-ын хамгаалалтын захиргаа санаачлан хүүхэд багачуудад Монгол орныхоо Дэлхийн өвд бүртгэлтэй үнэт өвүүдийг сурталчлан таниулах зорилго бүхий “Богцон дахь соёлын өв”  төслийг ДӨ-ОХСДГ дахь ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-иудад хэрэгжүүлэв.

Энэхүү төслийг Дэлхийн улс орнуудад Museum in box буюу “Хайрцган дахь музей”  нэртэйгээр хэрэгжүүлж байсан бол манай улсад бидний соёл, зан заншил, нүүдэлчин ахуйтай илүү ойр байлгах үүднээс “Хайрцган дахь соёлын өв” хэмээн нэрлэн хэрэгжүүлж байгаа юм.

Богцон дахь соёлын өв төслийг анх 2009-2015 онд Монакогийн Вант Улсын санхүүжилтээр хэрэгжсэн ЮНЕСКО-гийн “Соёлын эд зүйлсийг хууль бус худалдаалахтай тэмцэх чадавхийг дээшлүүлэх нь” төслийн хүрээнд эхлүүлэн багш сурагчдын харилцан идэвхтэй бүтээлчээр ажиллах боломж бүхий сургалтын иж бүрдлийг хийж бүтээсэн. Үүнд:

  • Сурагчдад соёлын өвийг ойлгуулах багшийн гарын авлага(ном)
  • Хичээлийн хэрэглэгдэхүүнийг багтаах үүргэвч бүхий цүнх буюу богц
  • Сургалтын хэрэглэгдэхүүн (үзүүлэн, тараах материал, макет)

зэргийн загварыг гарган бүтээж ЕБС-аар туршилтын хичээлүүдийг амжилттай хэрэгжүүлэв.

2016 оны 03 сарын 17-ны өдөр тус сургалтын иж бүрдлийн албан ёсны нээлтийг хийж, 2016 оны 03 сарын 17-20-ны өдрүүдэд сургалтын иж бүрдлийг хичээл сургалтанд хэрхэн ашиглах талаарх арга зүйн сургалтыг зохион байгуулж, ЕБС-ууд, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газарт тус тус хүлээлгэн өгөв.

 “Богцон дахь соёлын өв” төслийг эхний ээлжинд Монгол улсаас дэлхийн өвд бүртгэгдсэн анхны соёлын дурсгалт газар болох “Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-т холбогдох сумдын ЕБС-иудаар хэрэгжүүлсэн бөгөөд  цаашид Монгол орны аль ч аймаг, сум, нийслэлийн сургуулиудад хэрэгжүүлэх боломжтой юм.

4.jpg

IMG_0141.JPG

IMG_0318 (1).JPG