Хангай овооны тахилгат хайрхан

        Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс баруун хойш 10 км зайд Хангай нурууны төгсгөлд далайн түвшнээс дээш 1964.3 метрийн өндөрт өргөгдсөн эртнээс тахиж ирсэн Хангай хайрхан оршдог.

hangaiHairhan.jpg

        Хангай хайрханыг газар дэлхий өгөөжтэй, өлзий буян хишигээ харамгүй хайрлаж зон олон амар амгалан эрүүл энх байхыг хүсэн залбирч эртнээс тахиж ирсэн уламжлалтай. Энэхүү хайрханы тахилгын зан үйлийн уншлагын судрыг Хангайн тахилгын судраас үндэслэн Эрдэнэ Зуу хийдийн YII ширээт лам Дагвадаржаа 1771 онд Очир түшлэгт хааны айлтгалаар зохиосон гэдэг. 

 

        Энэхүү тахилгат хайрхан нь Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын болон Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хосгүй гайхамшигт түгээмэл үнэ цэнт байгалийн өвүүдийн нэг юм. 

        Хангай хайрхан уулын тахилгын ёслолыг 2018 оны Хархорин сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 21-р тогтоол болон Засаг даргын А/113-р захирамжаар нутгийн зон олон жил бүрийн зуны эхэн сарын шинийн 15-ны дотор зохион байгуулдаг болсон.

         Хангай хайрхан дээрээс эргэн тойронд ажиглавал: Ой хөвч бүрхсэн үзэсгэлэнт сайхан Баян зүрх, Их Арцат, Хөгнө хаан, Батхаан, Их, Бага Монгол, Номгон, Шилүүстэй, Онгон, Сант зэрэг сүрлэг уулс тод харагдана.