Шанхын хийд (Баруун хүрээ)

         Одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Шанх багийн төвөөс зүүн урд зүгт 3-4 км зайд Харз голын баруун эрэгт Шанхын баруун хүрээ хийдийг Чингис хааны алтан ураг Өндөр гэгээн Занабазарын 13 насны сүүдэрт зориулан 1647 онд байгуулсан байдаг. Шадавлингийн сүмийг 1774 онд, Ёслолын Даржаалангийн сүм 1781 онд, Жүд дацангийн сүмийг 1808 онд, Цанид дацангийн сүмийг 1825 онд, Мамба дацангийн сүмийг 1833 онд тус тус байгуулжээ. Мөн Зурхайн сүм 1860 онд, Дуйнхор ба Эвдэн дацангийн сүмүүдийг 1885, 1886 онд барьжээ. Хуучин хүрээнээс суурь бууц төдий хэдэн овгор шороон довцгууд үлдсэн байна.

            Баруун хүрээний шашин Цогт дээд ноён лам цорж Лувсанбалдан 1847 онд Ухаа овоот уулын өвөрт өөрийн лавринг босгосон нь одоогийн шанхын (Пунцагдаржаалин) хийд юм. Тус хийдэд Их богдын таван настайдаа өмсч байсан баривч, өөрийн мутраар үйлдсэн гэх Дархан ганлин их бүрээ, Автай хаан Төвд орноос залж ирсэн Очирваань бурхан зэрэг хосгүй үнэт дурсгалууд хадгалагдаж байдаг. Мөн Чингис хааны төр улсын “Дотоод их хүчит” хар тугийг тусгайлан барьсан Тугийн гэрт тахиж, хадгалж байсан зэргээрээ түүхэн үнэ цэн, ач холбогдолтой түүхэн дурсгалт газар билээ. 

baruun huiree hiid.png

           Тус хийд нь түүх, соёлын түүхэн үнэ цэн ач холбогдолтой учир Монгол улсын Засгийн Газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад авсан.