Хархорум хотын туурь

    Хархорум хотыг Чингис  хаан 1220 онд Монголын эзэнт гүрний нийслэл болгон байгуулах зарлиг буулгаж түүний III хүү Өгөдэй хаан 1235 он гэхэд орд харш, засаг захиргааны байшин барилгууд, олон шашны сүм дугана, эд эрдэнэс, хөрөнгө зоорийн агуулах савтай, гар үйлдвэр, худалдааны талбай, байшин сууц бүхий дөрвөн талдаа асар хаалгатай хэрмээр хүрээлэгдсэн хотыг байгуулжээ. Хархорум нь тухайн  үеийн Монгол орны улс төр, эдийн засаг, соёл, засаг захиргаа, олон улсын харилцааны чухал  төв болж байсан. Мөнх хааны үе буюу 1251-1259 онд хотын төв хэсэгт Хятад загварын хороолол буюу гар урчуудын дүүрэг, баруун хойно гэр хороолол, зүүн хойно Ислам шашинтны хороолол болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн улс үндэстний элч төлөөлөгчид, түүний дотор нангиад, түвэд, уйгур, перс, энэтхэгчүүд, франц, герман, мажар, орос зэрэг олон үндэстэн ястны 10 000- 15 000 орчим хүн төвлөрөн сууж байжээ.  Хот руу ордог 4 хаалган дээр худалдаа наймаа эрхэлж байсан бөгөөд хойд талын хаалган дээр адуу, зүүн хаалган дээр үр тариа, урд хаалган дээр үхэр тэрэг, баруун хаалган дээр хонь, ямаа худалдаалдаг байжээ.ЮНЕСКО-гоос 1995–1996 онд зохион байгуулсан Монгол–Японы хамтарсан шинжилгээний анги тус хотын бүрэн хэмжээний топографийн зураг үйлдэж, Монгол Улсын Засгийн Газрын 1997 оны 241 дүгээр тогтоолоор хотын туурийн хамгаалалтын бүсийг тогтоосон. Хотын төвд буй худалдаачид, гар урчуудын хороололд 2000-2001 онд хийсэн малтлагаар түүхийн олон үеийн туршид хүмүүс үйлдвэрлэл явуулж байсны ул мөр хадгалсан хөрсний олон үе давхарга хийгээд гэр орноо дулаацуулж байсан ханзан халаалтын үлдэгдлүүд, хоёр талаараа бороо, цасны ус зайлуулах сувгийн ул мөр бүхий эртний чулуу дэвсмэл гудамж олдсон Монголын хот суурины судалгаанд онцгой чухал олдвор болсон.

harhorumTuuri.jpg

    Хархорум хотын төв дэх худалдаачид, гар урчуудын хорооллын малтлагаас төмөр болон үнэт эдлэлийн дарханы газрын үлдэц, зарим биет хэрэглэгдэхүүн болох алтан бугуйвч, түүний хэв, тэрэгний цөн болон жингийн туухай, VII-XIV зууны үед холбогдох 200 гаруй зоос, түүний дотор Монголын дөрвөлжин бичиг бүхий хүрэл тамга зэрэг гайхалтай олдворуудыг илрүүлсэн. 

Kharkhorum hotiin tuuri.png

      Нимгэн алтаар хийсэн бугуйвч, нимгэн хэвийн хамт 2001 оны малтлагаар илэрсэн. Энэ бугуйвч дээр галт шувуу буюу фениксийн дүрийг "зэ бадын" дүртэй хослуулан товойлгосон байгаа нь сонирхолтой. Учир нь феникс нь Ойрхи дорнод Перс гаралтай домгийн амьтан байж байгаад улмаар Европын үлгэр домогт өгүүлэгдэх болсон дүрслэл бөгөөд "зэ бад" нь Түвдийн уламжлалт дүрслэл буюу голдуу сүм хийдийн хаалганы бариул зэрэгт хэрэглэдэг араатны зуултыг илэрхийлсэн дүрслэл юм. Өрнө болоод Дорны дүрслэлийг хамтатган хийснээс үзэхэд тухайн үеийн Хархорумын урчууд үнэхээр даяаршсан орчинд амьдарч байжээ гэдгийн баталгаа болно.

Тамган дээр “Сангийн яамны сайдын тамгалах тамга” хэмээн уланд дөрвөлжин үсгээр бичиж, бариулын баруун талд Тогоонтөмөр хааны хүү Аюуширидар буюу Билэгт хааны төр барьсаны хоёрдугаар оны гуравдугаар сард ёслолын яамны тамгын газраас олгосон тухай нангиад бичгээр бичжээ. Уг тамга нь Юань улс мөхсөн 1370 оноос хойш Хархорумд засаг захиргааны байнгын үйл ажиллагаатай байсан тухай сурвалжийн мэдээг биет баримтаар баталж өгсөн үнэт олдворын нэг юм. Монгол-Германы хамтарсан судалгааны багийн 2001 оны Хархорум хотын туурьд явуулсан малтлагаар илрүүлсэн.

Дундад Азийн айлчин гийчнээс их хаанд бэлэг, өргөл болгосон байж болзошгүй фараоны дүр бүхий багууд олдсон байдаг.