Монгол ардын уртын дуу

     Монгол ардын дууны сонгодог хэлбэр, охь дээж нь уртын дуу юм. Уртын дуу гэдэг нэрийн тухайд зарим судлаачид урт ая эгшиглэнтэй дуулдаг учраас уртын дуу гэж нэрлэсэн гэж аялгууны талаас нь, нөгөө зарим нь монголчууд уртын дууг эртнээс эдүгээ хүртэл зуун зууныг дамнан, үеэс үед өвлөн дуулж ирсэн тул урт дуу буюу “урт настай дуу” хэмээн нэрлэх болсон гэж цаг хугацааны талаас нь, гурав дахь нь уртын дуунд хүний амьдралын утга учир, байгаль нийгмийн үзэгдлийн мөн чанар хийгээд дээд тэнгэр, гараг эрхэс, уул ус, газар дэлхий, энэрэл хайр, элбэрэл журам гэх мэт мөнхийн сэдвийг ямагт тусган илэрхийлдэг тул үүрд мөнх буюу уртын урт гэсэн утга санаагаар уртын дуу хэмээн нэрлэсэн гэж шүлгийнх нь агуулга талаас тус тус тайлбарлах нь буй.

      Монгол уртын дууны хөгжим нь хөг аялгууны хувьд нэн өвөрмөц. Энэ нь маш өргөн цар хүрээтэй, уужим тавиу аялгуутай, төв эрхэмсэг намба төрхтэй, уран гоё нугалаа, цохилго чимэгтэй, аялгуу эгшиглэлийн хаялга цацлагатай, зохиомжийн чөлөөт хэлбэртэй, доод өнгөнөөс дээд өнгөнд огцом дүүлэх, шуранхайлах зэрэг бусад улс үндэстнүүдийн дуу аялгуунд байдаггүй нарийн бүтэц зохиомжтой учраас уртын дуу, дуучнаас хоолойн их хүч чадал, дуулах ур маягийн дээд хэм хэмжээг шаарддаг.

     Уртын дууны уужим тавиун аялгуу, хөг эгшгийн өргөн цараа, өвөрмөц намба төрхийг монголын хязгааргүй цэлийх уудам тэнүүн тал нутаг, цэлмэг хөх тэнгэр, нүүдэлчин малчдын ажил амьдралын тайван чөлөөт хэмнэл, аж төрөх ёсны онцлогтой холбон тайлбарлаж болох юм. Уртын дууг агуулгын талаас үзвэл эх нутаг, уул усны үзэсгэлэн, эцэг эх, сайн ханийн элбэрэл хайр, хүлэг сайн морь зэргийг магтсан эсвэл цаг улирлын солигдол, хүний амьдрал, хувь заяаны учрыг гүн сэтгэмжээр өгүүлсэн байна. Уртын дуунд хамгийн гол нь аливаа зүйлийн тухай өнгөц бодол үгүй, ямагт амьдралын утга учрыг өгүүлсэн гүн сэтгэмж илэрдэг байна. Уртын дуу нь 2008 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн.urtyn duu.jpg

 Ардын уртын дуучин Дашравдангийн Рагчаа

Дашравдангийн Рагчаа гуай нь эдүгээ 88 насыг зооглож, энх тунх амьдран суугаа, эрхэм хүн билээ. Ийнхүү нутаг усандаа хүндлэгдсэн азай буурал маань уртын дууны “Дөмөн”, Идэр жинчин”, “Жаахан шарга”, “Хөхөө шувуу зэрэг уртын дууны баялаг сан хөмрөгтэй. Тэрээр ярихдаа  Архангай Дэндэв гэдэг уртын дуучин хүнтэй 2 аймаг сум дамжин 3 өдөр, 3 шөнө айлын шинэ гэр болон залуу хосын найран дээр дуулдаг байлаа.                                                                                                       IMG_0294.JPG“Дөмөн”-гийн аялгуу уянгалахад

Дөмөг хоолой мэдрэгдэнэ

“Хөхөө шувуу”  донгодоход

Хөвчийн уулс баясгана хэмээн  хөхөө шувуу ая дуугаа түрлэг болгон дуулахад хоолой маань цуцах биш харин ч улам хурцлагдаж, сэтгэл маань омогшиж байж билээ хэмээн ярьсан билээ.