ДӨ-ОХСДГ дахь Соёлын биет бус өв

Соёлын биет бус өв гэж юуг хэлэх вэ?

“Соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг, хувь хүмүүс соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зан заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, уламжлалт мэдлэг, арга барил, тэдгээртэй холбоотой эд өлгийн зүйл, урлагийн бүтээл, соёлын орон зайг хэлнэ.

Эх хэл, зүйр цэцэн үг, оньсого, таавар, зан үйлийн шүлэг, сацал, магтаалийн үгс, зан үйлийн төрөл бүрийн ая дуудлага, ерөөл, магтаал, тууль, үлгэр, домог зэрэг орно.

Энэ төрөл зүйлд зан үйлийн дуунууд, уртын болон богино дуу, хөөмэй, исгэрээ, аман хуур, морин хуур, цуур, лимбэ, зэрэг дуу хөгжмийн уламжлалт урлаг, бий биелгээ, цам зэрэг бүжгийн урлагийн төрөл зүйл орно.

Монгол түмний түүхэн хугацаанд хэвшин тогтнож, улмаар уламжлан дагаж мөрдөж ирсэн уламжлалт зан үйл, арга барил, баяр ёслол, баяр наадам орно.

Байгаль, цаг улирал, амьдрал ахуйн холбогдол бүхий ардын уламжлалт мэдлэг, арга ухаан, тухайлбал ардын хүн эмнэлэг, дом шившлэг, амьдралд хэрэглэдэг янз бүрийн хэмжүүр, хэмжигдэхүүнүүд, цаг улирал, цаг агаар, он тоололтой холбоотой мэдлэг, арга ухаанууд, тэдгээртэй холбоотой эд өлгийн зүйлс орно.

Монголчуудын бүтээсэн нэн өвөрмөц хээ угалз, малын уналга, ачлагын тоног хэрэгслийн урлал, гэрийн мод урлах, хээлэх, эрээлэн будах урлал, арьс ширэн урлал, алт мөнгөний болон төмрийн дарх, модон, ясан, чулуун сийлбэр, монгол дээл хувцас, гутал, зан үйлийн хувцас хийх урлал, мөн ном судар бүтээх урлал зэрэг ардын гар урлалын бүх төрөл орно.

Дэлхийн Өв-Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газар бол нүүдэлчдийн соёлын өвийг цогцоор нь хадгалж үлдсэн өлгий нутаг бөгөөд түүх соёлын арвин баялаг дурсгалтай бүс нутаг юм.

Тиймээс ч энэ бүс нутаг нь нүүдэлчдийн соёлын биет бус өв болох уламжлалт ёс заншил, зан үйл, ерөөл магтаал, дуу бүжиг, шашины зан үйл, баяр наадам, ёслолт баяр, монгол гэр ахуйн тавилга, сав суулга, дээл хувцас, гоёл чимэглэл, мөн төрөл бүрийн цагаан идээ, махан хоол хүнс гэх мэт соёлоо өвлөн хадгалж буйгаараа онцлогтой юм.